Thursday 19 November 2009

Л.Өлзийтөгсийн шүлгүүдээс

"Төсөөллийн өрөөнд " гээд шинэ номноос нь хэдэн шүлэг орууллаа .Эргэн тойрноосоо гунигийг олж харахгүйгээр яруу найргийг мэдрэх боломжгүй гэдэг .Заримдаа илэрхийлж гаргаж чаддаггүй тийм мэдрэмжүүдийг энэ шүлгүүдээс олж хардаг ...

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг хэтэрхий гунигтай
Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг түгшүүртэй , нэг л түгшүүртэй
Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
Хайрлана гэдэг бол хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Тэгээд тэмтчин тэмтчих атлаа тэмүүллээсээ зүүгдэн зүүгдэн урагш алхахуй юм
Зүүдээ өөрөө зохион байж үзээд түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л атгаж тавиад л цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

Хэн нэгнийг хайрлана гэдэг хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм
Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм
Энэ бол
Дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч , цоожтой байгаа
Амьдралын , цор ганц , хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм
Энэ бол
Нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй
Асар харанхуй гүн хонгил доторх
Хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах
Аяар аяархан зовлонт инээд юм


***
Өдөржин үзэг бариад хөшиж чилсэн гарыг минь
Өвгөн хүний гар атгаад авах шиг болов
Ахиулаад барьтал тэр ширүүн бас үрчгэр юм
Аяарханаар алгыг минь дэлгэснээ ширхэг сувд атгуулав
Тэнгэр намайг сая л санажээ
Тэр сувдан дээр ингэж бичжээ
“Битгий унт охин минь
Битгий унт!
Үүр цайсан ч бүү унт !
Өглөө болсон ч бүү унт !
Өдөр ч , шөнө ч бүү унт !
Өвдсөн ч , сөхөрсөн ч бүү унт !
Үүрд унтахдаа л үзгээ тавиарай
Үүн шиг нэгэн сувд болно ! “

***
Шавжнууд , хорхойнууд , тэмээлзгэнүүд
том жижиг эрвээхэйд
Шараасаа улаанаа хүртэлх бүх өнгийн цохууд
Нэрийг нь байтугай зүсийг нь ч мэдэхгүй олон бяцхан амьтас дунд
Нэгэн сар амьдарлаа
Тэнгэр шиг чимээгүйхэн ярихад аль хэдийнээ суралцсан
Тэд намайг үргэлж “ Борооны эгч “ гэж дууддаг
Харин би тэдэнд шүлгээ унших дуртай
Хамгийн догдломхой зүрхнүүд
Шавжнууд , хорхойнууд , эрвээхэйд
Унтаж байхад ч нүүрэн дээр “ Хайртай “ гээд биччихдэг
Урт далавчит амьтсыг орхиод явна гэх уйтай
Хэзээ ч намайг ойлгодоггүй хүмүүсийн дунд очоод л
Хэт дээрээс та нарыгаа харна даа гэхээс гунигтай
***
Хуанлийн хуудсыг би орой бүр тастнам
Навчсыг харин хэний гар тасалнам
Хурднаас хурдан өнгөө хувиргаж буй энэ
Цаг хугацааг би түгшүүртэй тоолном

Өндөрт өлгөсөн хуанлиас минь
Өдөрт нэг л хуудас унах атал
Өрөвдмөөр навчис хором бүрд унана
Өө , энэ хэний үйлдэж буй аллага вэ?

Үй олноороо амьсгал хураагсдыг
Үзэн шимшрэвч туучлан алхалнам
Ийм хурднаар дуусчихдаг энэ амьдралд
бас үхэлд
Ингэтлээ дассандаа итгэж яднам


Бүр нэг сэтгэлээр уначихаад

Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надад байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Тийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл

Моддын дээр цас орно

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан суулчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнээ
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр


***
Цас болгон өөр өөр будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв
Зовлон гэдэг дотор минь байдгийг
Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв

Торгоны өнгөнд илч нь байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг
Анзаарахын тулд би арван жил сохров
Хүснэ гэдэг л там болохыг
Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв

Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ
Орхихын тулд одоо зуун жил хэрэгтэй