Monday 9 November 2009

Азийн хар муур Чомбуу

Энэ нийтлэл надад маш их таалагдлсан юм. Уншаагүй нэгэн нь уншаад үзээрэй

“Азийн хар муур” ЧОМБУУ

Жараад оны спорт сонирхогчид Чомбууг андахгүй. Чомбуу гэхээр бүтэн сайныг өнжилгүй явагддаг байсан хөлбөмбөгийн тэмцээнүүд, үзэгчидийн уухай, алга ташилт аадар шиг шаагисан голын цэнгэлдэх, “Азын хаалгач”, “Азын хар муур” гэсэн үг хөлбөмбөгийн хорхойтнуудын сэтгэлд хормын зуур гялсхийн бууна.

Жараад он бол Монголын урлаг соёлд нэгэн ёсны сэргэн мандалтын үе болж байсан гэдгийг эдүгээ нэгэнт ойлгох болжээ. Европын соёлтой ойртон нягтарснаас 40 шахам жилийн хойно Хрущевын өөрчлөлт шинэчлэлтийн амьсгалаар зоригжсон Монгол залуучууд шинэ юм бүхэн рүү тэмүүлэх өөдрөг үзлээр жигүүрлэж, Явуухулан, Чойном, Нямдоржийгоо төрүүлж, гэрэл зураг авах донд хөтлөгдөж, Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээжис”-т шимтэн, зундаа хөлбөмбөг хөөж, өвөлдөө цана тэшүүрээс салахаа больж, басхүү гитар анх нэвтэрч зүүдний уянга шиг сайхан дуунууд төрж байсан үе бол тэртээ 60-аад он бөлгөө. Хаа тэртээ Хэнтий аймгийн Норивлин сумруу цана хөлөглөсөн оюутан очиж байсан цаг бол чухамхүү 60-61 он билээ. Тэр тухай би хүүхэд байхдаа сонссон юм. Хэнийх нь хамаатан юм бол бүү мэд, одоо бодоход Норивлингийн нэг залуу өвлийнхөө амралтаар гэртээ цанаар очсон тухай айл хотлынхон маань хөөрөлдөж, бас гайхан шагшралдаж, “Хүзүүндээ улаан шааль ороочихсон тэшиж явналээ” хэмээн ярилцаж байхыг бүүр түүрхэн сананам…

…Гэвч Монголын нэрийг ХХ зууны дэлхийд анх дуурсгаж, Азийн тэнгэрт гялалзаад бөхсөн хөлбөмбөгийн од-Чомбуу маань өнөөдөр Монгол нэртэй ч европ боловсролтой залуусын амнаас салдаггүй Пеле, Марадона нараас дутна гэж үү?…

…Ханойн тэмцээн буюу одонд хүрсэн Чомбуугийн өдрүүд

Азийн социалист орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд (урьд нь 1956, 1959 онуудад болсон) Хятад, Вьетнам, Солонгос, Монгол оролцжээ. Шуудхан хэлэхэд олон улсын чанартай дээрхи тэмцээнд манай улс анх удаа оролцохдоо 4 дүгээр байр эзэлсэн юм. Гэхдээ Вьетнамын төв хэвлэл “Нян Зань” сонинд өгсөн ярилцлагадаа Монголын багийн хаалгач Чомбуу “Бидний хожих, хожигдох гол нь биш. Гол нь өөрсдийн идэвхийг үзүүлж, хөлбөмбөгчдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд байгаа юм.”(Ц.Сагарт хадгалагдаж буй “Нян Зань” сониний 1960.12.11-ний дугаар) гэж хэлсэн нь ялалтад шунадаггүй, зөвхөн чадлаа үзүүлдэг “сумын заан” шиг монгол хүний гүдэсхэн зангийн илрэл буй заа. Манай Пүрэвжаргал, Доржпалам, Лхагваа, Цэрэндорж нар баг тус бүрийн хаалганд нэг нэг бөмбөг хийсэн нь манайхны урмыг ихэд сэргээсэн хэдий ч Вьетнамд 3:1-ээр, Солонгост 4:1-ээр, Хятадад 6:1-ээр хожигджээ.

Мөргөх нь өшиглөснөөсөө илүү хүчтэй байдгаас “Төмөр толгой” хоч авсан Цэрэннадмидын Сагар (Эдүгээ олон улсын геологийн экспедицэд ажиллаж буй) багийн ахлагч, хамгийн залуу нь 19 настай Ядамсүрэнгийн Зориг (эдүгээ Дорнод аймгийн БТС-н хороонд дасгалжуулагч), багш-дасгалжуулагчаар Н.Лувсандорж байлаа.

…Хөлбөмбөгийн спорт хөгжөөд олон жил болсон орнуудын хөнгөн шингэн биетэй, хурд ихтэй, цохилт хүчтэй, заль арвинтай тамирчидтай тоглоход хэцүү байлаа. Зөвхөн Вьетнамын нэг довтлогч гэхэд 100 метрт 10.7 секунд гүйж байсан нь, басхүү тэдний цохисон бөмбөг нь голдуу эргэлттэй (“нус” гэж ярилцдаг) ирдэг болохоороо бултаж зугтаад, авахад хэцүү, ард гүйж ирээд нуруу руу түлхэж болиод л, түлхэж болиод л байсан зэрэг нь Монголын баг техникийн алдаа гаргахад хүргэсэн гэдэг…

Ахмад хөлбөмбөгчдийнхөө дурсамжыг сийрүүлье. –“Манайхаас үнэндээ Чомбуу л “тоглосон” юм шүү дээ. Тоглолтууд голдуу манай хаалган дээр болж байлаа. Хэрэвээ Чомбуу маань биш өөр хүн хаалган дээр зогсож байсан бол мөн ч олон гоол алдах байсан даа. Хятадын баг л гэхэд манай хаалга руу лав 20-30 удаа цохисон. Гарцаагүй орох бөмбөгийг ч бариад л авна, цохиод л гаргачихна. Ер нь сармагчин шиг л байсан. Бөмбөг гарт нь өөрөө л ирж наалдаал байна шүү дээ. Мөрөн дээгүүр нь өнгөрөв үүдээ гэтэл бариад л авчихсан байдагсан. Баруун буланд нь орлоо доо гэтэл зүүн булангаас нисч ирээл хаачихна. Ширүүн бөмбөг мөн ч олон ирсэн дээ. Тэдний үзэгчид гэдэг чинь манайхантай адилхан алга л ташаад л сууж байна гэж байхгүй шүү дээ. Бөмбөг гарцаагүй орохнуудаа гэхэд нам гүм чимээгүй болчихно. 25 мянган хүн шүү дээ. Чомбууг бөмбөг барьчихангуут аадар цутгаж байгаа юм шиг нирхийгээд л, босож суугаад л, босож суугаад л, далайн давалгаа мэт үелзээл алга ташаад л, хашгиралдаал гарах нь тэр. Биднийг чинь явуулахгүй, “Чинбао, Чинбао” гээл атганд цаас шургуулаал бүччихнэ. Гарын үсэг зуруулах гэж тэр. Зураг тулгаж хараал шулганалдаал байна. Шөнө ч унтуулахгүй. “Чинбао, Чинбао” гээд л гадаа ирээл бахиралдана. Тэр тэмцээний бүх сурталчилгаа Чомбуу дээр явагдсан. Радиогоор ч, сонин хэвлэлээр ч, Чомбуугийн зурагтай ярилцлагууд дүүрэн байсан даа.”

Аяа, хаа тэртээ 60 онд Ханойг донсолгосон 24-хөн настай хаалгач хүүгээр эдүгээ үд дундын цагаан шувуу үсэн дээр минь эргэлдсэн мөхөс бичээч миний бие бахархан суунам. Түүний тухай тэр үеийн Хятад, Солонгосын сонинууд шагшин магтаж, Вьетнамын бүх мэдээллийн хэрэгсэл шуугиж байжээ. Тэр ч байтугай алдарт хөлбөмбөгч Пеле өөрийн тухай бичсэн “Гайхамшигт Пеле” номондоо Чомбууг “Аль улсынх юм бол” хэмээн асуусан байдаг гэдэг. Түүнийг Азийн тамирчид “Азийн хар муур” хэмээн хочилж, Вьетнам улс хөлбөмбөгийн анхны спортын мастер цолыг өгсөн гэдгийг энэхүү сурвалжлагыг хийхээр эрэн бэдэрч явахдаа миний бие мэдэж авч, тэр тухай нь монголынхоо ард түмэнд дахиад нэг дуулгаад авъя, Залуус минь бүү мартагтун!

Азийн хөлбөмбөгийн шигшээ баг байгуулж хаалгачаар нь Чомбууг томилох саналууд Вьетнам, Хятадын хэвлэлүүдэд гарч, тэндээс Чомбуу “Тэргүүний хаалгач” өргөмжлөлтэй ирсэн юм байна. “Азийн хаалгач Чомбуу” гэж шагшигддаг байсан үнэн баримт нь тэрээ. 1962 онд Чомбууг амь эрсэдхийн өмнөхөн анхны зургаан хүнд “БНМАУ-н хөлбөмбөгийн спортын мастер” цол олгоход Чомбуугийн нэр тэргүүн эгнээнд байлаа. Анхны тэр мастеруудын нэрийг ахин дуурсгаад өгье: Чомбуу, Сагар, Дамбажанцан, Бадрах, Банзрагч, Сандагдорж!

Ханойн тэр өдрүүдэд Чомбуу сансрын нисгэгч шиг л байсан юмсанж. Түүний нэр хүүхэд, хөгшид эр, эм бүгдийн амнаас уяатай. Вьетнам хүүхдүүд “би Чинбао болно” нэж ам булаацалдан ярьцгааж, вьетнам хэлнээс нэгэн үе хаалгач гэдэг үг нь мартагдах дөхсөнийг сүүлд манай ХААДС-д сурч байсан вьетнам оюутнууд ярьдаг байжээ. Элчин сайд байсан Хосбаяр гуай ч энэ мэтийн олон зүйлийг ярьж бахархаж байна.

Чомбуу гэж…

Тэрээр өндөр гоолиг биетэй, дандаа нүдээрээ инээмсэглэж явдаг, хүүхдэд их хайртай, дугуйгаар хол явах, шатар, волейбол, аккордион тоглох, орос, франц, немц хэл дээр ном цуглуулах, жимсэнд явах, фото зураг авах дуртай, тоглолтын үед хийсэн бүдүүлэг алдааг тэвчиж чаддаггүй, тийм үед баахан зөрүүд аашилчихдаг ийм л нэгэн залуу байжээ. Тэрээр ээжтэйгээ хоюулаа Офицеруудын ордны арын хашаанд жижиг гэрт суудаг, ээждээ ухаангүй хайртай, бэлтгэл сургуулилтыг бүр нэг яснаасаа хийдэг, хөлбөмбөгийн ногоон зүлгэнд зохицсон ногоон цамц өмсөх дуртай, дуучин Тунгалагтай (эдүгээ гавъят жүжигчин) ханилаад удаагүй ийм нэгэн залуу байжээ.

Тэрбээр Ханойн тэмцээнээс ирээд үнэнхүү алдрын оргилд хүрчээ. Гэвч биеэ тоосонгүй, алдартай хүнд дургүй хүмүүстч дийлдсэнгүй, их спортынхоо төлөө явж байгаал алтан амь нь тасарсан юм. Спорт гэдэг бол хувь хүний юм уу ямар нэгийн багийн алдар нэр биш спорт бол ердөө л спорт гэдгийг тэрээр баталж чадсан юм.

1962 оны намар “Дархан” нийгэмлэг “Барилгачин” нийгэмлэгтэй хамтран урлаг, спортын бүх төрлөөр нөхөрсөг уулзалт зохион байгуулжээ. Тэр үеийн Дархан хот бол интернационализмын голомт, залуучууд тийшээ их хошуурдаг байлаа. Иймээс нийслэл хотын “Барилгачин” нийгэмлэгийн хөлбөмбөгийн багийнхан хөдөөний нэг муу багт ялагдахаас эмээсэн үү аль эсвэл гадаадын олон орны иргэдэд Чомбууг гайхуулъя ч гэж бодсон уу, түүнийг аваад явчихжээ. Хөлбөмбөгчид, бөхчүүл суулгасан тэр Газ-51 Баруунхараагийн цаад хөтлөөс ихээхэн хурдтай бууж яваад…

Энэ өдөр бол 1962 оны 8 дугаар сарын 16 байлаа. Азийн тэнгэрт гялалзаж байсан хөлбөмбөгийн од-Чомбуугийн 26 настай халуун зүрх зогсох нь тэр! Хорин хэдэн хүнээс нас барсан нь ганцхан тэр! Хэрэв тэр минь амьд үлдсэн бол?! Алдарт хаалгач Лев Яшин түүний минь дэргэд юу ч билээ.

Сэтгүүлч, яруу найрагч Жигжидсүрэнгийн НЭРГҮЙН “Хүмүүсийн тухай роман”-аас xэсэглэн нийтлэв.
http://sportnews.mn/2009/06/19/page/2/