Tuesday 29 December 2009

2012 он - Дэлхийн төгсгөл биш !!!

2012 он - Дэлхийн төгсгөл биш !!! гэнээ
Жоохон айсан хүмүүсийг тайвшруулъяа...




-НАСА-гийн эрдэмтэн мөхөлтэй холбоотой таамгуудыг няцаажээ-

Тэнгэр баганадсан барилгууд бүхлээрээ чичирч, аварга том солир дэлхий дээр унана. Дэлхийн ноён оргилын хормой дахь сууцандаа бүгж байсан түвд ламыг асар хүчтэй давалгаа авч одно. Эл дүр зураг Холливудын шинэхэн хит “2012″ киноны хамгийн анхаарал татахуйц, үзүүштэй, адал явдалт хэсэг. Энэхүү кино ихээхэн амжилттай байгаа нь 2012 оны арванхоёрдугаар сард дэлхий ертөнц мөхнө гэсэн үлгэр домгорхуу ойлголт газар авсных. Гэхдээ адал явдлын хорхойтнууд болон далдын хүч, эртний туульст итгэгсдийн дунд болон цахим сүлжээгээр ихэд тархсан эл яриа шинжлэх ухааны үндэслэлгүй, оргүй зүйл гэж НАСА-гийн тэргүүн эрдэмтдийн нэг баталж байна. АНУ-ын сансар судлалый агентлагийн “Астробиологичоос асуу” хэмээхүйлчилгээг хариуцдаг доктор Дэвид Моррисон “Хүн төрөлхтөн гуравхан жилийн дараа мөхөх үү” гэсэн асуултад мянгантаа дарагджээ.

Тэрбээр Номхон далайн одон орон судлалын нийгэмлэг хэмээх олон улсын байгууллагаас эрхлэн гаргадаг шинжлэх ухааны сэтгүүлийн сүүлийн дугаарт мөхөлтэй холбоотой тэдгээр таамаг, мэдээллийн талаар хүмүүсийн хамгийн их асуусан 20 асуултад хариу барьснаа нийтэлсэн байна. Цахим сүлжээгээр цацагдаж дэлхийн өнцөг булан бүрт итгэгчтэй болсон тэдгээр мэдээлэлд эртний майячуудын бүтээсэн цаг тооны бичиг 2012 оны арванхоёрдугаар сараар дууссан тухай онцолдог. Хуйвалдааны онол, далдын хүч, мөхлийн шидэнд итгэгчид иймэрхүү мэдээллийг зүгээр өнгөрөөсөнгүй. Шүүрэн авч өөрсдийн байр суурь, бусдаас хуримтлуулсан мэдээллээр баяжуулсаар зөгнөлт зохиолоос ялгагдахааргүй хачин жигтэй онолын гинжин хэлхээ үүсгэжээ. Тэдний дунд майячуудын хуанлийн түүхийг эртний Шумерийн соёл иргэншлийн үеийн домогтой холбосон нь ч бий. Шумерчууд. Нибиру хэмээх гараг дэлхийтэй мөргөлдсөнөөр хүн төрөлхтөн мөхнө гэж итгэдэг байв. Эдгээрээс үүдсэн айдас Жон Кьюсакийн тоглосон “2012″ киногоор дэлгэцнээ амилжээ. Энэ сарын эхээр хойд Америкийн кино театруудаар гарч эхэлсэн уг кино 2012 онтой холбоотой бүтээл туурвилын анхных нь биш. Цахим сүлжээгээр хайхад л зөвхөн 2012 онд тохиож мэдэх мөхлийн тухай өгүүлсэн 175 орчим ном олдоно.

2012 онтой холбоотой таамаг, мэдээллүүдийг няцаахдаа Д.Моррисон Нибиру хэмээх гараг хэзээ ч байгаагүй, байх боломж ч байхгүй гэх баримтаар эхэлжээ. Түүний хэлснээр мөргөлдөж мэдэх тийм ойр зайд атлаа үл үзэгдэх гараг байна гэдэг одон орон судлаач хэнд ч инээдэмтэй, байж боломгүй гэдэг нь тодорхой. Тэр тусмаа эрх баригчид, мэргэжилтнүүд тийм гарагийн тухай олон нийт нууна гэдэг ч дэндүү инээдэмтэй хэрэг.
Нуухыг хүссэн ч судлаач, эрдэмтэд болон сонирхогчид Нибиру шиг гарагийг удаан нууцалж чадахгүй. Д.Моррисон одон орон судлаачдын дунд эрх баригчдын тушаалыг үг дуугүй биелүүлэх хүн ховор гэжээ. Харин майячуудын цаг тооны бичгийн тухайд эртний хуанлинууд түүхч эрдэмтдийн хувьд сонирхолтой ч орчин цагийн тоололтой таарахаасаа таарахгүй нь их гэдгийг онцолсон байна. Мөн эртний, орчин цагийн ямар ч цаг тооны бичиг ирээдүйд юу болохыг, гараг дэлхий хэрхэн өөрчлөгдөхийг нарийн тодорхойлдоггүй. Тийм боломж ч үгүй. Тэр тусмаа үйл явдлыг тодорхой он, сартай нь урьдчилан харна гэдэг зөн билгийн үл тайлагдах, нууцлаг хүчийг эс тооцвол ямар ч шинжлэх ухаанд боломжгүй зүйл. Зөгнөл, таамгаас илүү шинжлэх ухаанд итгэхийг хуссэн Моррисон нарын эрдэмтдийн онцолсноор майячуудын хуанли дууссан нь орчин цагийн цаг тооны бичиг арванхоёрдугаар сарын 31-нээр дуусдагтай л ижил зүйл. Хуанлийн хуудас дуусах нь бүх зүйл төгсөнө гэсэн үг биш, харин ч шинэ бүхний эхлэлийг бэлгэддэг.

Гэхдээ Нострадамус нарын түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн зөнч судлаачид хүртэл 2012 оныг дэлхийн төгсгөл гэж үзсэнийг олон хүн тэмдэглэдэг. Харин Моррисоны хэлснээр олон хүний суут хэмээн дүгнэдэг Нострадамусын нэг ч таамаг бодит тохиолтой яг таг таардаггүй билээ. Нибиру, цаг тооны бичиг болон Нострадамустай холбоотой мэдээллийг няцааж дөнгөсөн Моррисон арай шинжлэх ухаанч гэгдсэн Тэнгэрийн заадастай холбоотой мөхлийн онолуудыг ч мөн няцаажээ. Сүүн зам буюу Тэнгэрийн заадас хэмээх огторгуй дахь сая живаа од эрхсийн цуглаан хүчирхэгжсээр дэлхийн соронзон оронг үгүй хийх юм уу манай гарагийн тэнхлэгээ эргэдэг хөдөлгөөнийг өөрчилнө гэх онол, яриаг тэрбээр үндэслэлгүй гэсэн байна. Түүнийхээр дэлхийн эргэлт өөрчлөгдөнө гэдэг байж боломгүй зүйл. Дэлхийн хөдөлгөөн хэзээ ч өөрчлөгдөх юм уу зогсч байгаагүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй. Харин соронзон орны тухайд дэлхийн татах хүч 400 мянган жил тутам өөрчлөгддөг нь батлагдсан ч ойрын хэдэн мянган жилдээ хувьсал явагдахгүй. Мөн соронзон оронд өөрчлөлт орлоо ч тэр нь амьд биетэд сөрөг нөлөөтэй гэх ямар ч баримт байхгүй.

Эдгээрийг Моррисоны адил онцолж буй мэргэжилтнүүд олон ч “2012″ кино шиг бүтээл олны анхаарлыг татсаар байна. Албаныхан уг киног нийтэд айдас төрүүллээ хэмээн шүүмжилж буй. Гэхдээ ямар ч айдас, үймээний ард үргэлж мөнгө байдгийн хуулиар холливудынхан “2012″ киногоор нэлээдгүй ашиг олох төлөвтэй байна. Уг кинонд албаныхан болон эрдэмтэд мөхөл айсуйг олон нийтээс нуусан тухай өгүүлдэг нь мэргэжилтнүүдийг хамгийн ихээр бухимдуулж буй гэнэ. Моррисон нарын эрдэмтэд Холливудын хэв загвар хийгээд цуурхал, олны айдсыг бодит байдлаас салгаж үзэхийг нийтэд уриалжээ. Гэхдээ иймэрхүү мэдээллийг хүмүүс ихэд сонирхож буй нь нэг талаар сайн гэнэ. Учир нь сансар огторгуйг сонирхож буй нь нийтийн суурь мэдлэг тэлж буйн баталгаа энэ юм. Моррисоны хэлснээр хүмүүс нарны соронзон орон, сансрын шуурга, хар нүх, Тэнгэрийн заадас дахь өөрчлөлт зэргийн талаар асуух нь ихэссэн нь олзуурхууштай. Нэгэн цагт зөвхөн одон орон судлаачдын хүрээнд л танил байсан эдгээр сэдэв нийтэд нээлттэй болсноор сансар огторгуй, од эрхсийг танин мэдэх хүмүүсийн тоог нэмсэн. Гэхдээ 2012 онд дэлхий сүйрнэ гэх үндэслэлгүй онол шиг мэдээлэл сансраас айх гэх шинэ төрлийн өвчин үүсгэж буйг Моррисон тэмдэглэжээ.

2009-11-9 ҮНЭН сонин-оос