Sunday 14 February 2010

Алим-Аав хотын тухай

Аялал маань нэгэнт Алмата хүрсэн учир хуучин нийслэлийн талаар бага сага юм хийж, хэдэн сайхан фото оруулъя...




Almaty, Алматы, Almatı, الماتى
Зарим хүмүүс Алма-Ата гэх нэрээр нь мэднэ. Нутгийнханы хэлээр Алма=Алим Ата=Аав буюу Алимны эцэг гэх утгатай нэр юм байна. 1997 он хүртэл бүх Казакстан улсын нийслэл байсан. 19-р зууны дунд үеэс хүн суурьшиж эхэлсэн гэж музейгээс харсан.
1,420,747 хүн амтай. Казакстан улсын нутаг дэвсгэрийн нилээд урд хэсэгт байрладаг. Алатау хэмээх нэгэн мөнх цаст үзэсгэлэнт уулсын энгэр түшиж байгуулагдсан хот оо.
Цаг агаарын хувьд үнэхээр таатай уур амьсгалтай. Өвөлдөө хүйтрээд шальдаггүй. Зундаа халаад халаад УБ шиг. Хотоосоо тийм хол биш зайтай нуур, уулсын орой зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харж болно гэсэн би үзээгүй л дээ. Хот дотор үзэж харах зүйл тийм ч их биш. Яг л УБ шиг. Гэхдээ нар жаргах нь маш гоё харагддаг. Бас манантсан үед нь шөнийн хотыг ажаад хэвээд зогсч байх тасархай даа. Намрын цагт жимс ногоо нь ургаж гүйцээд улсууд нь тэрийгээ барж иддэггүй гэлцэх юм билээ. Гудамжинд жимсний мод маш их тааралддаг. Зундаа нов ногоон, өвөлдөө цав цагаан, намартаа шав шар. Уг хотод гэмт хэрэг гээч зүйл бараг байхгүй нилээд цэвэрхэн газар. Нээх айхтар өндөр өндөр орчин үеийн шилэн барилга ер нь байдаггүй яг л УБ шиг хэвшмэл 5 юмуу 9 давхар СОЦ нийгмийн үед баригдсан орон сууцуудтай. Охидууд нь хөөрхөн, хүн ард нь найрсаг.
* Казак 51.5 %
* Орос 30.0 %
* Уйгур 5.8 %
* Татар 2.0 %
* Солонгос 2.0 %
* Украйн 1.0 %
* Герман 1.0 %
* Энэтхэг 1.0 %
* Хужаа 1.0 %
* Бусад : 5% гэсэн хүн амын бүтэцтэй.


УБ-т ирэхэд нэг ахад КЗ явсан гэхэд өөдөөс нэг учир нь олдохгүй юм бувтнаад(согтуу байсан л даа) байлаа. Тэгснээ харин тэр хуучин нийслэл нь бол жинкэнэ, ёстой ярих юм байхгүй гээд эрхий хуруугаа гозолзуулаад. Тэгээд би хуучин нийслэл орсоон гэхэд "өө тэгүүл тэгээл болоошд алив цохь!" гээл алгаараа цохилцож билээ.....

Хүмүүс шинэ нийслэл гоё гэж ярьдаг ч газарзүйн байрлал, байгалийн үзэсгэлэнт газар, цаг агаарын нөхцөл байдал зэрэг нь хуучин нийслэл шигээ төгс бүрдэж чадаагүй. Нутгийн иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Шинэ нийслэл нь 10-аадхан жилийн өмнө хуурай элсэн цөлд босч ирсэн газар. Одоо бол тэнгэр баганадсан өндөр шилэн барилга зэргээс бүрдсэн орчин үеийн хот. Дэд бүтэц сайтай гэж дуулдана лээ. Гэсэн ч энэ бүгд Алимны хотын иргэдийн толгойг өөр лүүгээ татаж чадаагүй. Тэд төрөлх хотдоо хайртай. Улсын төсөв, том том үйлдвэрүүд бүгд шинэ нийслэл Астанад байдаг ч хуучин нийслэл нь боловсролын түвшингээр Казакстандаа 1 номерт бичигдсэн хэвээр үлдсэн.

Фэйсбүүкээр тэнэж яваад Almaty гэсэн групп дотроос энэхүү зурагнуудыг үзээд их таалагдав. Блог дээрээ адд хийчий гэж бодлоо. Нэг бүрчлэн удаанаар үзвэл илүү ихийг мэдрэх байх.