Friday, 26 February 2010
(Шүлэг) Ижийдээ би согтуу очихгүй!
Өөрийн хамгийн дуртай шүлэгнүүдийн нэгийг нь хүргье гэж бодлоо. Уншаад нэгийг ухаарч хоёрыг тунгаана биздээ. Энийг л оруулахгүй бол би хэрэгтэн болох юм шиг санагдаад...
Ээждээ би согтуу очихгүй
Ээждээ би согтуу очвол
Энгэртээ нааж эрхлүүлэхгүй санагдана
Эвий минь гэж цорвойхгүй болно
Энхрийлж өсгөсөндөө харамсах болно
Элэг нь эмтэрч сэтгэл нь шархална
Ижийдээ би согтуу очихгүй
Ижий тэнгэрт нар мандахаа болчихно
Намайг гэх цацлын сүү ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ижийдээ би согтуу очихгүй
Ижий минь бүүвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижийн минь үсэнд намрын хяруу буучихна
Ижийдээ би согтуу очихгүй
Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
Ижийдээ би согтуу очихгүй
Даахийг минь үнэрлэх бүртээ жаргадаг юм тэр
Дарс үнэртвэл уйлах болно
Тараг асгасан энгэртээ огиудас наавал
Тавьж байсан чихэр нь давс болон ээднэ
Ижийдээ би согтуу очихгүй
Ширгэсэн ч гэсэн санах бүртээ чинэрдэг юм хөх нь
Шилтэй гашуунаар солигдлоо гэж бодвол яана
Амласан уургаа сольсон юм чинь тэр хүн
Аль хэдийнэ чамайг умартах биз гээд яваад өгнө "яах юм бэ?"
Ижийдээ би согтуу очихгүй
Архиар амласан юм шиг шунаж байхад
Амттаныг тавихгүй болох нь таны зөвөө
Арчаагүй тэнэг үртэй юм даа гээд
Алсад зоримоор санагдах чинь таны зөв өө
Ижийдээ би согтуу очихгүй
Энэ ертөнцөөс явуулахгүй
Энгэр дэх уургийг нь ээдээлгүй
Элгэнд нь шарх суулгахгүй
Ижийдээ би дандаа балчраараа байна
Ижийдээ би согтуу очихгүй