Friday, 27 November 2009
Зүүднээс ирлээ
Зохиолч нь Пүрэвхүүгийн Батхуяг . Шүүмжлэл , хүүрнэл зохиол бас шүлэг бичдэг . "Өөр нулимс "-г нь уран зохиол дээр уншиж өгч байсан шд .
Эмгэн эрүүндээ наалдсан будаагаа гараараа арчаад эмнэлгийн хоолны амтгүй тухай ээлжит яриагаа эхлэх гэснээ:
-Охин минь чи хүүхэдтэй юу гэж асуув. Хариуд нь би:
-Гурван хүүхэдтэй гэвэл:
-Би ч гэсэн гурван хүүхэдтэй. Гэхдээ миний гурван үр эмээгийнх нь зүүдэнд байгаа гэснээ над руу харж шүдгүй амаа ангайлган инээмсэглээд ярьж эхэллээ.
***
-Одоо чи эндээс зайл. Чиний энд байх хугацаа дууссан.
-Би тэгээд хаачих юм бэ? Намайг битгий хөөгөөч.
-Чи анх зүүднээс ирсэн биз дээ? Тэгээд буцаад зүүдэндээ очихгүй юу?
-Би зүүднээс ирээгүй. Намайг өршөө хэмээн хамаг хүчээрээ хашгирав.
Хар хөлс цутгасан байлаа. Хонгилд хэн нэгний бөгшүүлэн ханиах битүү сонстоно. Цонхоор цагаан гэгээ тусаагүйг бодоход үүр цайх яагаа ч үгүй бололтой. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхлэв. Нэг, хоёр, гурав, дөрөв... зуун гуч, зуун гучин нэг, зуун гучин хоёр...
-Чи минь хаашаа явах гэсэн юм бэ? Энд хичнээн хугацаагаар ч байж болно шүү дээ?
-Үгүй ээ, би эндээс заавал явна. Энд байх надад дэндүү гунигтай байна.
-Чи анх зүүднээс ирсэн. Тэнд тийм ч сайхан биш гэдгийг чи мэдэж байгаа.Тийшээ битгий яваач.
-Би заавал явна. Намайг явуулаач хэмээн хамаг тэнхээгээрээ хашгираад сэрэв.
Дэргэд минь тэр намайг айсан харцаар ширтээд сууж байв. Хамаг биеэ хураажээ. Царай нь бүр цонхийчихжээ. Хэд хоног хоол ундгүй намайг харж хоносон түүнийгээ хайрлах сэтгэл төрлөө. Хонгилд хэн нэгний их л баяртайгаар инээх сонстоно. Цагаан гэгээ тусаагүй гадаа харанхүй ноёлж байв. Дахин унтахаар нүдээ аниад амандаа тоо тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав, дөрөв... хоёр зуун далан долоо, хоёр зуун далан найм...
Анх сайхан зүүднээсээ салахыг хүсэхгүй, унтаад л байвал бүх юм болох юм шиг санагддаг байв. Гэвч удалгүй аль нь зүүд аль нь зүүд биш болохыг ялгахаа байж билээ.
* * *
Түүнээс олсон анхныхаа хүүхдийг төрүүлээгүй юм. Хүүхэд төрүүлэх ямар ч боломж тэр үед бид хоёрт байсангүй. Магадгүй тэр үед л ямар ч боломжгүй мэт санагдаж байсан боловч хэрэв зориглосон бол бүх юм болох байсан биз. Тэр л хоёулаа сургуулиа төгсье. Ажил төрөлтэй болъё. Дараа нь үр хүүхэд болж л таарна гээд байсан юм. Харин бид хоёрт дахиж үр заяагаагүй.
Хичнээн арга чарга хийлгэж, хичнээн удаа мэргэлүүлж төрөглүүлсэн боловч нэмэр болсонгүй. Муур, нохой, бүр яст мэлхий тэжээж үзэв. Орой ажил тараад хүмүүс үр хүүхэд рүүгээ яардаг бол надад тийм хувь тохиосонгүй. Энэ бүхэнд санаа сэтгэлээр унах болов. Тэр надад хүүхэд өргөж авах тухай ярьсан боловч өөрөө хүсэхгүй байгаа нь царайнаас нь илэрхий харагдаж байлаа. Гэртээ орж ирээд зурагт үзэх, хоолны ширээний ард ажил төрлийнхөө ойр зуурын сонинг ярих төдийгөөр тэр бид хоёрын амьдрал үргэлжлээд байвал байх л байв. Тиймээс би түүнээс салахаар шийдэв. Хэд хэдэн удаа би түүнд хоёр тийшээгээ болохыг хэлсэн боловч тэр огт зөвшөөрсөнгүй. Намайг аргадан гуйж, сүүлдээ бүр асгаруулан уйлах болов. Би ч дотроо эр хүний нулимсыг барах муу ёр гэж үзээд салах сарних тухайгаа түүнд хэлэхээ байзнав. Гэтэл нэг шөнө би ер бусын сонин зүүд зүүдлэв.
* * *
Тэр ажлаасаа оройтож ирэв. Хаалга үүдээ хэмх балбаад тайлж өгөхийн завдалгүй бөөн уур хилэн орж ирлээ.
-Үхсэнээ хийгээд үүдээ тайлахгүй байгаа юм бэ? Хэнтэйгээ юугаа хийгээд байгаа юм гэснээ үснээс минь зулгаав. Үс минь хэсэг бусгаар шалан дээр унахад өөрийгөө би нулимсгүй болчихсоноо мэдлээ. Үнэндээ надад уйлъя гэвч нулимс үлдсэнгүй. Орилж чарлахгүйг хичээж хөмхийгөө зуув. Учир нь хажуугийн өрөөнд хүүхдүүд унтаж байгаа. Юун хүүхэд... Түүний гараас мултраад хажуугийн өрөөнд гүйж оров. Гурван жаахан амьтан зэрэгцээд унтаж байлаа. Бурхан минь би чинь гурван хүүхдийн эх юм байна шүү дээ? Аавтайгаа жигтэйхэн адилхан хоёр хүү, өөртэй минь учиргүй адилхан нэг охин. Тэднийгээ сэрээхгүйн тулд түүнийг хамаг хүчээрээ өрөөнөөс түлхэн гаргав.
-Чи миний амьдралаас зайлаад өгөөч. Чамайг харахаас нүд хорсож байна. Навсайчихаад юугаа өмссөн юм бэ? Хэндээ сайхан харагдах гэж ядаад байгаа юм.
-Чи минь тайвширл даа? Хүүхдүүд сэрлээ.
-Битгий хуц. Наад хүүхдүүд чинь бүгдээрээ минийх биш гээд элэг дүүрээг минь доргитол өшиглөж унагаав. Ийш тийш гуйван үсчиж байснаа төдхөн архиндаа цохиулаад унтаад өгөв. Би чимээгүйхэн босоод хүүхдүүдийнхээ өрөөнд орлоо. Том хүүгийн минь нүд бүлтэлзэн:
-Ээжээ, аав таныг дахиад л зодоо юу гэхэд нь би өөрийгөө байнга түүний гарын шүүс болдгоо мэдлээ.
-Үгүй ээ аав нь зодоогүй. Зүгээр л их ядарсандаа бухимдаад баахан орилж орилж унтаад өглөө. Аав нь яасан гэж ээжийг нь зодох вэ дээ зэргээр түүнийг тайтгаруулахдаа эдгээр үгсийг түүнд байнга хэлдгээ ч ойлгов. Хүүхдүүдээ харж баахан суув. Цонхоор цагаан гэгээ тусчээ. Үүр цайж байна.
Дараа шөнө нь мөн л өнөөх зүүдээ зүүдлэв. Гэхдээ үйл явдал өмнөхөөс ялимгүй ялгаатай. Тэр мөн л оройтож иржээ.
Гурван хүүхдээ хонгилд сандал өргүүлээд зогсоосон байв. Янз нь би түүнд унатлаа цохиулаад ухаан орж байгаа бололтой. Тэр хэдийнээ архиндаа дийлдээд унтаад өгжээ. Би арай ядан босоод хүүхдүүдээ дагуулан өрөөнд нь орлоо. Орыг нь засаж өгөөд тэднийгээ харж баахан суув. Заримдаа хэдэн өдрөөр гэрээсээ гарах эрхгүй суух юм уу, эсвэл нүүр ам эрээн цоохор болсон байх учир нар салхи үзэлгүй өрөөндөө хоргодон байгаагаар зүүдлэнэ.
Харин сэрээд би түүнд энэ зүүднийхээ тухай огт ярьдаггүй. Яагаад гэвэл хичнээн хатуу хөтүү амьдралыг эдлэж байгаа ч тэр зүүдэнд би гурван жаахан хүүхдийн эх. Тиймээс зүүднээс хагацах надад хэцүү байв.
Заримдаа би тэднийгээ өдөр юу хийж суугаа бол гэж бодоход сайхан санагдана. Хурдан нар шингэж бүрий болоосой хэмээн өөрийн эрхгүй яарна. Хурдан л зүүдлэхсэн. Хонгорууд минь намайг санаа болов уу гэж бодохоор үрээ санасан эх хүний жаргалыг эдлэж байх шиг бодогдоно. Нэг шөнийн зүүдэнд тэр мөн л оройтож ирэв. Энэ удаа тэр ганцаараа ирсэнгүй. Залуухан хөөрхөн найз бүсгүйгээ дагуулж ирэв. Өнөөх нь ичихгүй дагаж ирэв. Би юу ч хэлсэнгүй.
Хүүхдүүдээ өвөртөлөөд хэвтлээ. Унтахын өмнө тэр өрөөнд орж ирээд:
-Маргааш орой ирэхэд наад гурван зулбасгаа дагуулаад гэрээс явсан байгаарай. Чиний энд байх хугацаа дууссан шүү. Өөр чамтай ярих юм алга гэв.
Өглөө сэрэхэд гэрт хэн ч байсангүй. Тэр ажилдаа явжээ. Гэр орон өнөөх л хоосон хөндий хэвээрээ. Хүүхдүүд минь яаж байгаа бол одоо өдийд гудманд л бөөвийтөл зогсож байгаа даа. Ямар ч байсан тэдэндээ очих минь гэж бодоод үргэлжлүүлэн унтахаар тоолж эхлэв. Хэдэн мянга, хэдэн зуун удаа тоолсон ч нойр хүрсэнгүй. Өдөржин орондоо хий хөрвөөн хэвтлээ. Тэр орой ажлаасаа ирээд орноосоо босоогүй намайг гайхан харснаа:
-Миний хөгшин яав. Бие чинь өвдөө юу? Би эмч дуудах уу? Хоол цай хийх үү? зэргээр сандран дэргэд минь сэтгэл зовнин зогсов. Би юу ч хэлж чадсангүй. Хурдан л шөнө болж гурван үрдээ очмоор санагдаж байлаа.
Шөнийн зүүдэнд тэр ирсэнгүй. Хүүхдүүд минь их л жаргалтай. 3ypагтаар хүүхэлдэйн кино үзэж оройжин шуугилдав. Тэднийг оронд нь оруулаад бага хүүгийнхээ захиалсан ёсоор тэдэнд чоно туулайтай үлгэр ярьж өгөв. Харин үүрээр хаалга хүчтэй балбах чимээнээр би сэрэв. Тэр шал согтуу гуйван зогссоноо:
-Чамаас болж эрүүлжүүлэхэд хонолоо гээд гар цунхээрээ толгой руу дэлсээд авлаа. Цаад өрөөнд хүүхдүүдийн минь хоолой мэдэн орилох дуу бүдэг бадагхан сонсотлоо. Өдөр нь ганцаараа сууж байхдаа энэ зүүдийг тэвчмээргүй санагдав. Тэгээд шөнө зүүдэндээ юу хийхээ төлөвлөв. Ямар ч байсан гурван хүүхдээ дагуулаад тэр муу новшоос явна гэж бодов. Гэвч зүүдийг захиалж төлөвлөж болдоггүйг би мэдсэнгүй Урьдын адил зодуулсаар доромжлуулсаар хүүхдүүдийнхээ нулимсыг харсаар зүүдээ үргэлжлүүлэн зүүдэлсээр байв. Энэ зовлонт зүүдний амьдралаас салмаар байвч хоргодох юм гурван жаахан үр минь...
Ийм зүүдийг би бүхэл бүтэн гурван сар зүүдлэв. Эхэндээ зүүдний амьдрал минь тэр амьдралын гэрэл гэгээ болсон гурван жаахан үр минь намайг сэргээж байлаа. Гэвч эцэстээ тэднийгээ аврах ганцхан зам бол шөнө унтахгүй буюу юу ч зүүдлэхгүй байх гэж үзээд дөрвөн шөнө унталгүй зурагт үзэж өнгөрөөв, Хүн хэдий их тэвчээртэй ч нойргүй байж яахан гэвчих билээ.
Тав дахь өдрийн шөнө өөрөө ч мэдэлгүй унтаж орхисон байв. Шөнийн зүүдэнд гэр анх удаагаа эрүүл ирэв. Надтай юу ч ярьсангүй Би өрөөнд нь айгаад орсонгүй. Харин өглөө эрт би өрөөгөөр шагайв. Сайндаа ч биш том хүүгийнхээ цүнхийг авах гэтэл амнаас нь xөөс цахраад нүд нь хараатайгаа тэр үхчихсэн байлаа. Ямар их баярласнаа илэрхийлэхийн аргагүй.
Үнэхээр сэтгэл хангалуун зүүднээс би сэрлээ. Тэр инээмсэглэсээр сэрсэн намайг гайхан харснаа:
-Найз нь ажилдаа явлаа Миний хөгшин хоол цайгаа сайн уугаарай Би бэлтгээд тавьчихсан.
Түүнийгээ ажилдаа явсны дараа би сайхан мөрөөдлөө үргэлжлүүлэн гурван хүүхэдтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай зүүдний амар тайван амьдралыг төсөөлөн бодсоор өдрийг өнгөрөөв. Түүнд орой ажлаасаа ирэхэд нь сайхан хоол хийж тавьлаа. Одоо л миний амьдрал бүрэн бүтэн болчихсон юм шиг санагдаж байв. Шөнө унтахдаа хичнээн сэтгэл хангалуун байсан гээч. Даанч тэр шөнө юу ч зүүдэлсэнгүй.
Тэр өдрөөс хойш гучин жил өнгөрчээ. Гучин жилийн турш би нэг л зүүд манахыг хүссэн боловч тэр зүүдээ зүүдэлсэнгүй. Амьдрал минь горьдлогоор л дүүрэн өнгөрлөө. Гэхдээ миний горьдлого дуусах болоогүй. Нэг л өдөр томоо болсон гурван хүүхэд минь:
-Ээжээ, бид ирлээ, бид зүүднээс ирлээ гэсээр ороод ирэхийг л харуулдаж байна даа гээд эмгэн зүүдээ манахаар буруу тийшээ хараад хэвтэв.
Хонгилд хэн нэгний мэгшин уйлах тодоос тод сонстож байлаа