Monday, 3 May 2010
Heart key
Түлхүүрээ гээсэн хүн
Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.
Олон жил зовж зовж авч явсанаа бодвол гуниглах ёстой ч юм шиг. Намайг зовоож байсныг нь бодохоор баярлах нь дээр юм шиг. Яг энэ мөчид дэлхий намайг тойроод байгаа нь ч мэдэгдэхгүй, эсвэл дэлхийг би өөрөө тойроод байгаа ч юм шиг ялгахаа болилоо. Би цөхөрч байна. Цөхөрч байгааг бодоход надад гунигтай байгаа юм байна.
Би одоо дахиад хэзээч тэр түлхүүрээр зүрхээ онгойлгоод орж чадахгүй, онгойлгох нь бүү хэл цоожных нь завсарын бяцхан нүхээр харж ч чадахгүй болсон гэхээр аймшигтай байна. Ядаж надад засварын газраар хувилуулаад үлдсэн ганц хувь ч байхгүй. Надад зүрхтэй минь адилхан цорын ганц байсан юм. Яагаад гэвэл миний зүрхний цоожинд ганцхан тэр түлхүүр л таардаг. Гэхдээ тэр түлхүүрний түүх надад жаргал авчирч байсан удаагүй ч би өөрөөсөө илүү хайрладаг байсан юм. Би тэр түлхүүрийг гартаа чангаас чанга атгаад зүрхнийхээ тасалгааг онгойлгож ороод хааяа бүр өдөржин шөнөжин өнждөг байлаа.
Харин заримдаа онгойлгоод орно гэхээс хальширдаг ч үе цөөнгүй тохиодог байж дээ. Яг тэр тасалгааны тэг голд нь түүний хөрөг зураг өлгөөстэй, үүдээр орох болгонд хүйтэн хөндий харц нь хаашаа ч гарах гарц олголгүйгээр намайг онилж байгаад өнгөрсөнд одсон бүх дурсамжаараа галалдаг байсан. Эхэндээ би цурхиртлаа уйлдаг байлаа, харин одоо би тэгж чадахаа больсон. Түүнээс болж урсгасан нулимс бүр сүүлдээ хацар дээр минь дусалж амжаагүй ууршиж дуусдаг гашуун нулимс. Харин тасалгааг тойроод түүний хамгийн анхны удаа, бас дараа нь, түүний дараа, хамгийн сүүлд өгч байсан захидалууд өлгөөстэй бий. Харин бид хоёрын хамт байсан мөч болгоныг гэрчлэх гэсэн шиг фото зургууд хөл доогуур хөглөрнө. Би тэр зургуудыг хөлөөрөө өшигчих дуртай. Бас хэдэн цагаар ч хамаагүй хараад суух бүр ч дуртай. Тэр өрөө хэзээ ч дулаахан байгаагүй, бас тэр над руу хараад хэзээ ч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагүй. Хамгийн харамсалтай нь тэр хэнийг ч хайрлаж байгаагүйд л байгаа юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг мартах биш харин түүнд зориулсан зүйлүүдийг нэг нэгээр бүтээдэг байсан нь миний сул тал. Одоо одоо би харамсаж байна. Тэр бас надаас явахдаа ямар ч боломж өгөхгүйгээр яваад өглөө. Дахиад тэр тасалгаанд хэнийг ч оруулах боломж өгөлгүйгээр цоожлоод яваад өгсөн. Уг нь би тэр өрөөнд хамгийн сүүлчийн удаа ороод ханатлаа агаараар нь амьсгалж байгаад эргээд хэзээ ч харамсахгүйгээр татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр газарт хаяад түүнийг, түүнтэй холбоотой бүх дурсамжуудыг тэр тасалгаатай нь хамт шатаагаад зүрхээ чөлөөлөхийг хүсэж байсан юм. Тэгээд түймрээс нь үлдсэн үнсийг нулимж хаячихаад дахиад үхэн үхэтлээ зүрхэндээ тасалгаа байгуулахгүйгээр зүгээр л хэн нэгнийг хайрлаж, зүгээр хэн нэгэнтэй хамт байя гэж шийдсэн байсан юм.
Даанч би тэгж чадсангүй түлхүүрийг нь хаа ч юм бэ? гээчихлээ. Одоо би тэр тасалгаа руу өөрөө ч орж чадахгүй, бас хэн нэгнийг ч оруулж чадахгүй, хажууд нь бас өөр нэгэнд зориулсан шинэ тасалгаа ч байгуулж болохгүй болчихлоо. Эсвэл түүнд зориулж барьсан тэр өрөөтэй хамт өөрийгөө шатаах, үгүй бол намайг зүрхэн доторх тасалгаатай минь хайрлаж чадах хэн нэгэн гарч ирэхийг хүлээх л үлдлээ. Тиймээ би зүрхнийхээ түлхүүрийг дөнгөж сая гээчихсэн хүн. Олсон хүн байвал холбоо бариарай. Зүрхийг минь чөлөөлж өгсөний хариуд зүгээр л би дэргэд чинь байя. Шагналыг нь энэ гэж бодоорой. Түүнээс нааш зүрх минь цоожтой. Дурлалыг нь тоогоогүй өнгөрөөсөн хүн бүхэнд зориуллаа.