Friday, 8 January 2010
Энгийн юм бүхэн энгийн биш байдаг
МЗЭ-ийн гишүүн , Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч сэтгүүлч Халтарын Болор-Эрдэнийн өгүүллэгүүдээс .Сонирхвол номыг нь авч болно шүү
Гэрээслэл
Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд байсан. Авчихаж. Алдчихаж.
Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.”
Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.”
Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно гэдэгтээ итгэхгүй нь.”
Мөч, хором, сар, жил. Хөл хөнгөрчээ. Тэр өдрөөс хойш нулимс, инээд хоёрыг мартав. Худлаа хэлж сурлаа. Хууран мэхлэх боллоо. Ээжийгээ орхилоо. Гунигласангүй. Нөхдөө хаялаа. Ганцаардсангүй.
Дэлхий миний төлөө эргэнэ. Нар миний төлөө мандана. Хүмүүс миний төлөө амьдарна. Одод миний төлөө гялалзана. Энд надаас өөр хэн ч үгүй. Мөч, хором, сар, жил…
Үсэнд хяруу унаж, үр хүүхдүүд орхив. Дэлхий хөлийг минь тээршааж, нар салхивчаар цухалзана. Хүмүүс намайг мартаж, одод гэрлээ хумина. Тэр мөчид дахиад л түүнийгээ үгүйлж эхлэв. Хэзээ нэгэн цагт байсан. Хэрэг болгон хайж олоогүй. Таягаа тулаад гудамжинд гарлаа. Тааралдсан бүхнээсээ асууж сураглав.
“Тийм юм байдаг юм уу?”Хэн нэг нь мөрөө хавчина.
“Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй.” Хэсэг харчуул сургамжилна.
“Надад лав тийм юм байгаагүй”. Айлын эхнэр ширэв татна.
“Хулгайлаад авчихгүй юу.” Хүүхдүүд даажигнана.
Мөч, хором, сар, жил. Мөнөөх л эрэл. Хурааж цуглуулсан бүхнийг минь огторгуйн тоос залгижээ. Мартагдаж хоцорсон надад ээж ч алга, найз ч алга. Хумиж давчидсан сүүлчийн амьсгал. Хүүгээсээ би ингэж гуйлаа. “Хүн чанарыг минь заавал олоорой!”
2004 он
Дурлал
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.''Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.
Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар...
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй'' Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.
Цөл
Улайран цэлийх тэнгэрийн хаяа. Тэртээх алс. Омголтсон уруул. Шархирч чилсэн хөлийн таваг. Бусдын хэлдгээр “Юм vзээгvй тэнэг охин” би зөрvvдлэн зvтгэсээр энэ замыг сонгосон. Тэгэхэд хэдтэй байснаа мэдэхгvй. Ундаасч ядрахдаа тэр өдөр тааралдсан нэгнээс зам асуусан. Хар халуунд хар цувтай явааг нь гайхснаас биш хэн болохыг нь огт сонирхоогvй. Юvдэнтэй хар цув. Дотор нь юу ч байхгvй мэт санагдах хар ханцуй. Гэнэт тэр хар ханцуй өөрөө хөдлөж, өгөршиж мойногтсон хар гараараа нэг зvгт заасан. Тэгээд юvдэнгийн цаанаас “ тэнд ус бий” гэх сонсогдов. Мэдэхгvй юм, надад л тэгж санадсан. Итгэмтгий гэнэ, ундаасч ядарсан охин заасан зvг рvv хар чадлаараа гvйсэн. Мөч, хором, сар жилээр мөн ч удаан явсан даа. Хэзээ хаанаас эхлэснийг мэдэхгvй энэ газар зам харгуйн бараа ч vгvй цэлийсэн их цөл байлаа. Буцах газраа эрээд олоогvй. “ Тэнд ус бий” гэсэн итгэлээр цашлав. Гав ганцаархнаа. Тэгсээр сая нэганх удаа хvний бараа харав. Тэр ньужижигхэн шар эмгэн байлаа. Тvvнээс ус хана байгааг асуув. Эмгэн толгой сэгсрэнэ. “Олдохгvй дээ. Эндтийм юм байдаггvй юм” гэв.
Тиймэхvv л утгатай vг хэлэх шиг болсон. Хар цувтай хvнд итгэсэн итгэмтгий тэнэг охин энэ удаа эмгэнд итгэсэнгvй. Харин тэгэхэд арван тавтай байснаа сайн санаж байна. Цааш бvр хжурднаар ус иэн явав. Төдөлгvй тэр их цлийн дунд огт зохицоогvй мэт харагдах саглагар ногоон модтой таарч юутай их баярласаныг чи өөрийнхөөрөө л төсөөл. Сvvдэрт нь сэрvvцэж, навчаар нь наадсаар нэгэн шөнө зvvрмэглэв. “Сvv, ус л зvvдлэнэ” Өглөөнь сэрээд надад байсан нэг нандин юм дутуу байгааг анзаарав. Тэр шөнө, тэр мрдны доор, тээр нэг дөр ээжийнхээ бэлэглэсэн цусан улаан сондорыг гээсэн байлаа. Элсэн дунд эрээд олоогvй. Харамсаад ханаагvй. Одоо ч тэр харуусал сэтгэлийн гvнд хэвтэж л байна. Тэгэхэд арван долоотой байсан. Өсөж томрохын хэрээр бие цогцос чийг, ус нэхнэ. Тvvнийг эрж хайсаа би цаашилна. Цангахдаа нулимсаа долооно. Тэгэх тусам ус, ус. Энэ эрэл хэзээ дуусахыг, тэ цөл хаанашувтрахыг хэлж мэдэхгvй, ухаарч ойлгохгvй явсаар хорин настай золгожээ. Их ч зовсон. Их ч явсан. Сар жилийн баримжаа алдагдсаар…
Улайран цэлийх тэнгэрийн хаяа, тэртээх алс. Цангаж тамирдсандаа ч тэр vv, цэлэлзсэн их усны бараагзэрэглээн дундаас гэнэт хараад нvдэндээ ч итгэж чадсангvй. Тэр зvгт гvйе гэч элсэнд шигдсэн хөл газраас vл хөндийрнө. Уухилан, аахилан, мөлхөн мөлхсөөр усны захад хvрэв. Сэрvv татам их ус хамар доор сэнгэнэнэ. Эрvvн доор мэлтэлзэнэ. Уух зvрх хvрсэнгvй. Итгэмээргvй их ус амсахын төдийд ууршчихмаар санагдаж гараа дvрж, магнайгаа норголоо. Гэтэл хэн нэгэн дотроос минь дуу алдах шиг сонсогдов. Тийм ээ. Тэнд ус битгий хэл чийг ч мэдрэгдсэнгvй. Дахин дахин гараа дvрж, тэсэхээ байгаад бvр шубажч vзлээ. Vнэрээс өөр юу ч vгvй хув хуурай ус. “ Юутай муухйа хууртагдав аа” Яг л элс шиг ус нь хvртэл хуурайшсан тэр цөл рvv зөрvvдлэн зvтгэсэн миний цэл залуу нас тэр цөлдөө, тэр усандаа харангатаж хоцорлоо. Тэгэхэд хэдтэй байснаа мартаж ээ.
Элгэн садан
Ээж байсан, аав байсан. Эгч дүүс, садан төрөл ч байсан. Эрх байлаа. Зөрүүд ч байлаа. Эрхэлж зөрөөд хүмүүс рүү явсан. Хүмүүс инээж байлаа. Хүмүүс даллан дуудаж байлаа. Хөгжилтэй найрсаг хүмүүсийн цуваа. “Цуваанд нийлэх цаг чинь болоогүй” гэж элгэн садан минь ятгана. Харин би яарч байлаа.
Гуйлгаж, гүйлгэж тэднийхээ үйлийг нь үзэж, үзэж гутарч ганцаардалгүйгээр хүмүүсийн цуваанд оров. Хөгжилтэй найрсаг хүмүүсийн цуваа. Тэд найр тавин гараас минь хөтөлж, нягт цувааныхаа гүнд орууллаа. Харин тэнд хэн ч инээхгүй байв.
Эргэн тойронд зөвхөн хүмүүс, хүмүүс. Уйтгартай нэгэн хэмийн алхаа. Тэнд “Ядарч болохгүй, хоцорч болохгүй” гэсэн хатуу хуультай аж. Бүдэрч болохгүй, унаж болохгүй. Уналаа гэхэд хэн ч гар сунгахгүй. Хатуу ширүүн хүмүүсийн цуваа. Бүдрэхгүй унахгүй юмсан гэхдээ тэд цувааны хэмнэлд тааруулан алхална. Тэднийг инээгээсэй гэж би хүслээ. Хүмүүс инээхгүй л байв. Цуваа дүнсгэр чимээгүйгээр цаашилна.
-Дуу дуулах уу? /Хэн ч хариулсангүй. Харин тээр урд хэн нэг нь санаа алдах сонсогдов./
-Юм ярих уу? /Бүгд толгой сэгсрэв. Энд ямар уйтгартай вэ/
-Тэгвэл харилцаж тоглоё. /Цуваанд хэн нэг нь инээд алдах дуулдав. Эргэн тойронд инээмсэглэж эхлэв. Энэ нь тэдний дуртай тоглоом байж/
-Гэхдээ юугаар харилцах билээ? Энд бөмбөг алга. /Тэд над руу чимээгүйхэн харна. Ямар нэгэн зүйл горьдох мэт ширтэцгээнэ/
-Аймаар юм. Та нар надаар харилцах гээ юү? /Тэд дуугүйхэн толгой дохив/
-За яахав. /Би тэднийг инээгээсэй гэж хүслээ./
Хүмүүс надаар харилцаж тоглоно. Тэдний ннүр инээд хөөрөөр дүүрэн. Хүмүүс инээлдэнэ. Хүмүүс хөхрөлдөнө. Эргэн тойронд тачигнасан инээдэм. Цуваа тэр чигээрээ инээлдэнэ. Надаар харилцаж тоглох нь тэдэнд ямар их инээд бэлэглэнэ вэ? /Гэхдээ энд нэг л биш/
Сайн сонсвол тэд хэрцгий зэрлэгээр инээлдэж байв. Бүр чих дөжрөм инээлдэж эхлэхэд надад аймшигтай санагдлаа. Хэрцгий зэрлэг энэ чимээ таалагдахгүй байгаа би тэдэнд ойлгуулахыг хичээлээ. Хүмүүс илүү чанга, илүү зэрлэгээр инээлдэнэ.
-Болиоч, надад аймшигтай байна.
Тэд чимээгүй болчихов. Хүмүүс дүнсийж эхлэв. Хүмүүс уурлаж байлаа…Тэд намайг цуваанаасаа түлхэн гаргахад би яагаад ч юм баяртай хоцров. Цувааны гадна үлдээд элгэн саднаа дурслаа. Гуйлгаж, гүйлгэж тэднийх шйлийг мөн ч их үзсэнсэн. Эргээд хартал тэд маань алга. Эрхэлж зөрөх их хүсэл төрнө. Эргээд хартал…
Миний л адил, эсвэл надаас арай өөрөөр цуваанаас хоцорсон нэгэнтэй таарч элгэн саднаа сураглав. Хэл үгүй, ам ч үгүй болсон тэр хүн хyмүүсийн цуваа руу хуруугаараа заалаа.